Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан зохион байгуулагдаж, сумын хэмжээний нийт 11 асуудлыг хэлэлцэхээр тусгажээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийг шинэчлэх, Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн батлах тухай тогтоолыг хүчингүй болгох, мөн “Мөнх хааны савдаг” ойн анги ОНӨААТҮГ-ийг татан буулгах асуудал багтсан байна.
Түүнчлэн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах, төсөвт байгууллагуудын хөрөнгө актлах, дахин үнэлэх болон Хатгал тосгоны Соёлын төвийн заалны түрээс, үзвэр үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийх журмуудыг хэлэлцсэн байна. Мөн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт худалдаа үйлчилгээ эрхлэх, Жанхайн давааны Хөгжлийн төвийг нутгийн иргэдийн менежментээр ашиглуулах журам тусгагджээ.
Хуралдааны төгсгөлд сум, тосгоны 2026 оны төсөв болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах, улмаар 2027 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох зэрэг эдийн засаг, зохион байгуулалтын шийдвэрүүдийг хэлэлцсэн байна.