Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгууллаа. Тус форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн 270 гаруй төлөөлөгч оролцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцолж, Германы дэвшилтэт технологийг дотоодын нөөц боломжтой уялдуулан хамтарсан хөрөнгө оруулалтыг бодит ажил хэрэг болгохыг уриаллаа.
Форумын хүрээнд аж үйлдвэр, ноос ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, экспортын зах зээлийг тэлэх асуудлаар салбар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Түүнчлэн арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүдийн хооронд хамтын ажиллагааны нийт зургаан баримт бичиг солилцлоо. Үүнд хөнгөн бетон угсармал эдлэлийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах Монгол, Германы компаниудын гэрээ, санамж бичгүүд багтсан байна.