Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг “16 хоногийн аян”-д Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо албан ёсоор нэгдлээ. Хүчирхийлэл нь зөвхөн бие махбодын халдлагаар хязгаарлагдахгүй бөгөөд сэтгэл санааны дарамт, эдийн засгийн хяналт, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт болон цахим орчин дахь заналхийлэл, зөвшөөрөлгүй мэдээлэл тараах зэрэг олон хэлбэрээр илэрдгийг тус байгууллагаас сануулж байна.
Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо, хамтын хариуцлага чухал болохыг онцоллоо. Иймд хүчирхийллийн аливаа хэлбэрийг үл тэвчих, бусдын эрх, хувийн орон зайг хүндэтгэх, цахим орчинд ёс зүйтэй харилцах, хохирогчийг буруутгахгүйгээр дэмжин тусалж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэхийг уриалав.
Хүчирхийлэлд өртсөн болон холбогдох мэдээлэл өгөх иргэдэд зориулж Цагдаагийн ерөнхий газрын 102, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 107, Хүний эрхийн үндэсний комиссын 1800-1200, Хүүхдийн тусламжийн 108 болон Төрийн үйлчилгээний лавлах 1111 зэрэг тусгай дугаарууд ажиллаж байна.