Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа Ватикан хотноо Ватиканы Апостолын архивын тэргүүн Паоло Виан, Апостолын номын сангийн тэргүүн Мауро Мантовани нартай уулзаж, XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох 38 ховор баримт бичгийн хуулбарыг хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээ нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийсэн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей болон Ватиканы Апостолын номын сан хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй бодит ажил юм.
Хүлээн авсан эх сурвалжуудын дунд Гүюг хаанаас Ромын Пап IV Инносентийд илгээсэн захидал, Пап IV Инносентийн 1245 онд Монголын Их хаанд илгээсэн захидлууд болон Пап III Николайн 1278 онд Хубилай хаанд илгээсэн захидал багтжээ. Мөн Ил хаант улсын Абага, Аргун хаад, Байжу ноёнтой харилцсан бичиг, шашны элч төлөөлөгчдөд олгосон албан даалгаврууд хадгалагдаж буй нь Монголын эзэнт гүрний дипломат харилцаа, Евразийн түүхийг анхдагч эх сурвалжаар судлахад үнэтэй хэрэглэгдэхүүн болно.
Уулзалтын үеэр талууд Ватиканы сан хөмрөг дэх монгол хэл, соёлын өвд холбогдох бусад ховор бичиг, модон барын толь бичиг, гар бичмэлүүдийг нарийвчлан тогтоох, цахимжуулах, судалгааны эргэлтэд оруулах боломжийн талаар санал солилцлоо. Цаашид хоёр талын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгаа, үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцсон байна.