Улаанбаатар хотын Яармаг–Хархорин чиглэлд хэрэгжиж буй дүүжин замын тээврийн төслийн нийт гүйцэтгэл 85 хувьд хүрсэн байна. Одоогоор кабелийн замын тулгуур цамхаг, станц, гаражийн байгууламж болон механик угсралтын үндсэн ажил дуусаж, цахилгаан системийг ажиллуулах бэлтгэл хангагдаж байна.
Төслийн хоёр буудлын барилгын дотоод засал, системийн тохируулгын ажил үргэлжилж байгаа бөгөөд барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа системийн туршилт, зүгшрүүлэлтийг хийхээр төлөвлөжээ. Ес, аравдугаар сард аюулгүй ажиллагааны шалгалтуудыг үе шаттай гүйцэтгэх юм.
Туршилтын хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд кабин тус бүрийн багтаамжид дүйцэх 750 кг ачааллыг ус болон шуудайтай элсээр орлуулан туршилт хийнэ. Энэхүү төсөл нь нийслэлийн зорчих хөдөлгөөн болон авто замын түгжрэлийг бууруулах зорилготой нийтийн тээврийн шинэ шийдэл болж байна.