“Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төслийн хүрээнд хэрэгжүүлсэн Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг танилцуулах, үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох зорилготой “Хамтарсан судалгаа – Бизнесийн түншлэл 2026” арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байранд зохион байгуулагдана. 2014 оноос хойш хэрэгжиж буй тус төслийн хүрээнд хоёр орны их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон технологи, инновацын шийдлүүдийг танилцуулах юм.
Тус арга хэмжээнд Японы их, дээд сургуулийн судлаачид болон тус улсын 30 гаруй бизнес, аж үйлдвэрийн байгууллагын төлөөлөл оролцоно. Тэд Монголын их сургууль, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй технологи дамжуулалт, инновац, бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд биотехнологи, шинэ ба дэвшилтэт материал, байгаль орчин, эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүч, дижитал технологи, хөдөө аж ахуй ба хүнсний технологи гэсэн үндсэн зургаан чиглэлээр салбар хуралдаан, судалгааны постер танилцуулга болон шинэ бүтээгдэхүүн, прототипийн үзэсгэлэн зохион байгуулагдана.