Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Иргэдийн зүгээс хөдөө орон нутагт шатахууныг саванд олгохгүй байгаа талаар гомдол гаргасан бөгөөд нийслэлд АИ92 шатахууныг саванд олгохгүй байх хязгаарлалтыг наймдугаар сарын 15-нд зогсоосон тул орон нутгийн ШТС-уудад автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг сануулсан байна.
Өнгөрсөн долоо хоногоос орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлж эхэлсэн ч хүлээгдэл бүрэн арилаагүй байгааг хуралдаанаар онцоллоо. Ялангуяа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймгуудад шатахууны хүлээгдэл өндөр байгаа тул эдгээр таван аймагт хангамжийг нэн даруй нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд даалгасан юм.
Түүнчлэн уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг үүрэгдлээ. Одоогоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7.6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмет” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, “Цемент Шохой” ХХК 20 хоногийн нөөцтэй байгаа бол “Эрдэнэс Тавантолгой” ХК гурван сарын хэрэглээ хангах гэрээ байгуулах болон 20,000 метр кубын агуулах барих бэлтгэл ажлыг хангаж байна.