Дотоод хэргийн их сургуулийн Ахлагч мэргэжлийн боловсролын сургуультай ажил, амьдралаа холбоод 15 дахь жилтэйгээ золгож буй үйлчлэгч С.Долгормаа ажлын арга барилаа хуваалцлаа. Тэрбээр 2010 онд сургуулийн хүний нөөцийн ажилтантай анх уулзан шалгуулж, хоёр сар шахам ажилласны эцэст 2011 оны хоёрдугаар сарын 6-нд албан ёсны ажилтнаар томилогдож байжээ. Тэр цагаас хойш энэ өдрийг жил бүр баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.
Тэрбээр өглөөний 07:20 цагт ажлаа эхлүүлж, хичээлийн нэгдүгээр давхраас тавдугаар давхар хүртэлх орчны цэвэр цэмцгэр байдлыг хариуцдаг. Ажлынхаа хамгийн ачаалалтай, цэвэрлэгээ их шаарддаг хэсгээс эхэлдэг нь эрч хүчтэй үедээ хүнд ажлаа амжуулж, өдрийн сүүлээр ядрахгүй байхад тусалдаг өөрийнх нь гол арга барил ажээ.
С.Долгормаагийн хүү тус сургуулийг төгсөж гал сөнөөгч, охин нь цагдаагийн дамжаа дүүргээд дэслэгч цолтой цагдаагийн албанд ажиллаж байна. Мөн сонсогч, багш, ажилтнуудын харилцан хүндлэл түүний ажилд эрч хүч өгдөг төдийгүй сонсогчдоос гурван жил дараалан талархлын захиа авч байсан нь хамгийн үнэ цэнтэй шагнал болдгийг тэрбээр хуваалцжээ.