Монгол Улсад цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх харилцааг хууль, бодлогын баримт бичиг, сайдын тушаал болон цагдаагийн төв байгууллагын даргын тушаал зэрэг нийт 40 гаруй эрх зүйн актаар зохицуулж байна. Гэвч хуульд заагаагүй хэрэглээг хэм хэмжээний бусад актад нэмж тусгасан нь хүний эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлах зарчмыг алдагдуулахад хүргэж байгааг доктор (Ph.D), цагдаагийн хурандаа С.Нямжав судалгааны ажилдаа онцоллоо. Мөн холбогдох актуудад нэр томьёо, ангиллыг харилцан адилгүй хэрэглэж, тусгай хэрэгсэл хэрэглэх аргачлал тодорхойгүй байгааг дурдсан байна.
Судалгаанаас үзэхэд сүүлийн 10 жилд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл хэрэглэсэнтэй холбоотойгоор шалгагдах тохиолдол буураагүйгээс гадна үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлагад өртөх явдал нэмэгджээ. Тухайлбал, 2016 онд 63 алба хаагч гэмт халдлагад өртөж гэмтсэн бол 2025 онд энэ тоо 203 болж 3.2 дахин өссөн байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, эрх зүйн орчныг сайжруулах таван багц саналыг диссертацын хүрээнд боловсруулжээ. Саналуудыг хэрэгжүүлснээр цагдаагийн хүч хэрэглэх эрх зүйн тогтолцоо нэгдмэл, ил тод, хяналттай болж, улмаар маргааны эрсдэл буурч алба хаагчийн аюулгүй байдал хангагдана гэж үзэж байна.