Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэл болон орон нутагт дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, Монголын Бурхан Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийд тэргүүтэй сүм хийдүүдэд улс орон даяар буяны ном хурсан байна.
Орон нутагт хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулав. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд төлөөллүүдийг хүлээн авч гарын бэлэг гардуулан, Эрдэнэ Зуу хийд зэрэг газарт 108 зул өргөсөн бол Увс аймгийн Давст, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумдад хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдтэй уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо.
Түүнчлэн хойч үедээ түүхийн үнэнийг таниулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэлмэгдүүлэлтийн сэдвээр нээлттэй хичээл зааж, гар зургийн уралдаан зарлах, ханын сонин гаргах зэрэг танин мэдэхүйн ажлуудыг хэрэгжүүлсэн байна.