Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журмын дагуу үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд заавал зарлуулах шаардлага тавигддаг байсан юм. Энэ нь ялангуяа орон нутгийн иргэдэд цаг хугацаа алдах, зардал гаргах чирэгдлийг үүсгэж байв.
Төрийн үйлчилгээг илүү шуурхай болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаас “Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох” нээлттэй мэдээллийн санг хөгжүүлжээ. Ингэснээр улсын бүртгэлийн байгууллага, түүний харьяа нэгжүүд холбогдох мэдээллийг цахим сандаа шууд байршуулан, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Иргэн, хуулийн этгээд хаяж үрэгдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг zar.burtgel.gov.mn цахим сангаас шууд шалгах боломж бүрдлээ.