Хууль зүйн шинжлэх ухаан, дотоод аюулгүй байдал, салбарын эрдэм шинжилгээний ажил, инновацыг дэмжих зорилгоор 2021 оноос хойш Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний уралдааныг зохион байгуулж байна. Уралдааныг ‘Шилдэг бүтээл’, ‘Оюутны шилдэг илтгэл’, ‘Грант олгох төсөл’ гэсэн үндсэн чиглэлээр зарладаг бөгөөд оролцогчдын бүтээлийн чанар жил бүр ахиж буйг онцолжээ.
Энэхүү уралдаан нь салбарын залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, онолын ололтыг практикт нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, уралдаанд оролцогчид Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги, Зөрчлийн эрх зүйн тусгай ангийн анхны сурах бичиг болон хууль сахиулах үйл ажиллагааны онол, практикийн бүтээлүүдээр амжилттай оролцож байжээ.
Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш сургалтын гарын авлага хомс байсан орон зайг нөхөх, зөрчлийг гэмт хэргээс зөв ялган зүйлчлэх практик хэрэгцээ шаардлагад эрдэмтэн судлаачдын бүтээл чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд, холбогдох мэргэжилтэн, суралцагчдыг уралдаанд идэвхтэй оролцохыг уриалсан байна.