Дотоод хэргийн их сургуулиас "Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудас" нэртэй групп нь тус байгууллагатай хамааралгүй бөгөөд олон нийтийг төөрөгдүүлэн худал мэдээлэл нийтэлж буйг мэдэгдлээ. Тус сургууль уг хуурамч группийн үйл ажиллагааг таслан зогсоохоор Meta компанид гомдол гаргаж, Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан бөгөөд иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалав.
Түүнчлэн Орхон аймгийн Цагдаагийн газраас идэш тэжээлийн хомсдол болон зан төрхийн онцлогоос шалтгаалан суурин газарт баавгай орж ирэх тохиолдол гарч байгаа тул сонор сэрэмжтэй байж, үзэгдсэн тохиолдолд цагдаа болон онцгой байдлын газарт мэдэгдэхийг анхааруулсан байна.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас оны эхний есөн сарын байдлаар сумын хэмжээнд бусдын биед гэмтэл учруулах 10 гэмт хэрэг бүртгэгдсэнийг мэдээлж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.