Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт боллоо. 1993 оноос эхлэлтэй тус наадмыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нээсэн юм.
Энэ удаагийн уралдааны эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсоноос хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 хүүхэд авьяас чадвараа сорив. Дүүргийн түвшний шалгаруулалтад амжилттай оролцсон хамтлагуудаас гадна нийслэлийн шилдгүүд гала тоглолтод ая дуугаа өргөлөө.
Шалгаруулалтаар Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” хамтлаг тэргүүн байр, Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” хамтлаг дэд байр, “Хөгжил” сургуулийн “Гэгээ” хамтлаг гутгаар байр эзэлсэн байна. Мөн Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна шилдэг удирдаач багшаар шалгарчээ.