Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, хүүхэд багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Боосай карт” тоглоомыг аймгийн Боловсролын газарт хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаа нь Онцгой байдлын ерөнхий газар болон Монгол-Японы хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний тогтвортой үйл ажиллагаа, боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулагдсан байна.
“Боосай карт” нь хүүхэд, сурагчдад гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг тоглоомын аргаар олгох, аюулгүй зөв дадал хэвшүүлэх зориулалттай сургалтын шинэлэг хэрэглэгдэхүүн юм. Тус картан тоглоомд замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй амьдрах ухаан болон урьдчилан сэргийлэх мэдээллийг монгол ардын зүйр цэцэн үг, уламжлалт домогтой хослуулан хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр тусгажээ.
Мөн Монгол Улсад 2026-2030 онд хэрэгжүүлэх гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээний дунд хугацааны III үе шатны төлөвлөгөөнд уг картыг ерөнхий боловсролын бүх сурагчдад олгож, сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглахаар тусгасан байна.