Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалт болон Шатахууны шуурхай штабын шийдвэрийн хүрээнд шатахуун түгээх станцууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчлэхээр болжээ. Шатахуун түгээх станцын удирдлага, ажилтнууд холбогдох баримт бичгийг үндэслэн эдгээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй үйлчлэх үүрэг хүлээж байна.
Дараалал харгалзахгүй үйлчлүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд E-Mongolia системээс авсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт болон иргэний үнэмлэхээ үзүүлнэ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон акт буюу комиссын шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн иргэний үнэмлэхийг авч очих шаардлагатай.
Шатахууны шуурхай штабаас бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын эрхийг хүндэтгэн, харилцан ойлголцож, хүлээцтэй хандахыг уриаллаа.