Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Шүүх шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл (МОН-22)”-ийн хүрээнд Шүүх анагаах ухааны шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолборын шав тавих арга хэмжээ боллоо.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга Н.Ганбаяр болон БНСУ-ын Экзим банкны Монгол дахь суурин төлөөлөгч Парк Сэ Ёнг нарын албаны хүмүүс оролцов. Мөн төслийн зөвлөх “Аум энд Ли Архитектур энд Ассоциаци” ХХК, гүйцэтгэгч “Мёнду Констракшн” ХХК болон холбогдох яам, байгууллагын төлөөлөл байлцлаа.
Уг лабораторийн иж бүрэн цогцолбор ашиглалтад орсноор орчин үеийн дэвшилтэт техник, технологид тулгуурлан шүүх эмнэлгийн шинжилгээний чанар, үр дүн, найдвартай байдлыг дээшлүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.