Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан 78 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус хуралдаанаар орон нутгийн төсөв, төлөвлөгөөтэй холбоотой нийт таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад аймгийн хөгжлийн 2027 оны жилийн төлөвлөгөө, агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг шинээр тогтоох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох талбайд санал өгөх зэрэг асуудлууд багтжээ. Түүнчлэн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах болон 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат эмч цол хүртсэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч Ж.Ариунаад аймгийн ИТХ-аас баяр хүргэн хүндэтгэл үзүүлэв.