Гэрийн даалгавар нь хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг. Гэвч ачаалал хэт их байх нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй бөгөөд сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлөх болсон тул шинэ чиглэл баталжээ.
Боловсролын сайдын А/276 дугаар тушаалаар сургалтын зориулалт, хүрэх үр дүнгээс хамааруулан гэрийн даалгаврын төрөл, түвшин болон нэг өдөрт ногдох дээд хугацааг анги, насны онцлогоор нь ялгаатай тогтоохоор журамласан байна.
Ингэснээр сурагчдын өдөрт гэрийн даалгавар хийх хугацааны дээд хязгаарыг 1-4 дүгээр ангид 10-40 минут, 5-8 дугаар ангид 50-80 минут, харин 9-12 дугаар ангид 90-120 минут байхаар заажээ.