“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн 300 оюутан гадаадын их, дээд сургуулийг зорилоо. Энэ жил суралцагчид АНУ, Герман, Франц, Чех, Канад, Польш, Австрали, Япон, Хятад, ОХУ, БНСУ, Турк, Унгар, Литва, Австри, Энэтхэг зэрэг 16 улсын их, дээд сургуульд хуваарилагдан суралцахаар явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залууст Төрийн далбаа дурсгаж, дэлхийн түвшний боловсрол эзэмшин эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үндэсний манлайлагчид болохыг хүсэн ерөөв. Мөн эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, бие биедээ дэм болон суралцахыг захилаа.
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс шилдэг төгсөгчийг шалгаруулан дэмждэг уг хөтөлбөрийн хүрээнд өдгөө нийт 1,055 оюутан 21 оронд суралцаж байна. Энэ жил тус хөтөлбөрөөс 136 оюутан их, дээд сургуулиа төгсөж ирэн, гэрээний дагуу харьяалагдах орон нутагтаа таваас доошгүй жил ажиллах юм.