Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон тус газрын албан тушаалтнууд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар эрчим хүчний салбарт үүссэн асуудлуудад гомдол санал, сэтгэл ханамжийн судалгаа, тайланд үндэслэн хийсэн хяналт шинжилгээний дүнг танилцуулж, засаж сайжруулах зөвлөмж өгсөн байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй «Чөлөөлье» санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг мөрдөх, шаардлагагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох, заримыг мэргэжлийн холбоодод шилжүүлэх чиглэлийг өглөө. Мөн өргөдөл гомдолд дүн шинжилгээ хийж нээлттэй мэдээлэх, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг сануулсан юм.
Түүнчлэн эрчим хүчний салбарын өр төлбөр, санхүүгийн асуудлыг цэгцлэх, удаан хугацаанд үргэлжилж буй томоохон төслүүдийн явцыг бус гүйцэтгэлийг тайлагнах шаардлага тавилаа. Үүнээс гадна зарим томилгоо шаардлага хангаж буй эсэхийг эргэн харах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн худалдан авалт, гэрээний удаашралд дүн шинжилгээ хийх, цахимжилт болон кибер аюулгүй байдалд онцгой анхаарахыг зөвлөв.