Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Б.Гантулга 2026 оны аравдугаар сарын 15-нд Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны атташе Инес Хаабтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар Улаанбаатар хотын инновацын экосистем, гарааны бизнесийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг технологийн шийдлээр шийдвэрлэх туршилтын төсөл боловсруулах боломжийг хэлэлцсэн байна.
Мөн Францын инновацын төвүүд болон стартап акселераторуудтай харилцаа тогтоох, нийслэлийн гарааны бизнес эрхлэгчдийг олон улсын хөтөлбөрт хамруулах асуудлыг хөндөв. Эдийн засаг, худалдааны атташе Инес Хааб дэвшүүлсэн саналуудыг судлан, Францын байгууллагуудтай холбох, туршлага судлах боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн Францын Хөгжлийн агентлаг (AFD) удахгүй Монгол Улсад салбараа нээхээр төлөвлөж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж болно гэдгийг талууд онцлов.