Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ өдөр УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсөд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимд гашуудлын ая болон Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.
Мөн хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх 31 дэх өдрийн хүрээнд сургуулийн сурагчдад түүхийн сургамжийг таниулах олон төрлийн үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд дунд ангийн 57 сурагчийн дунд “Хүний эрх, хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдэвт гар зургийн уралдаан болон танин мэдэхүйн сургалт, тэмцээн зохион байгуулсан байна.
Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуульд 10-12 дугаар ангийн сурагчдад зориулан “Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: Түүх, хувь заяа /1926–1930/” сэдэвт тусгай хичээл орж, тухайн үеийн боловсролын түүх болон хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ.