Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, хурандаа Б.Саранцэцэг 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит гурав дахь удаагийн уралдаанд оролцсон тухайгаа хуваалцлаа. Тэд Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Шинжлэх ухааны академийн судлаачидтай хамтран “Үерийн эрсдэлийн нийгэм, эдийн засгийн үр дагавар, хохирлыг урьдчилан тооцоолох арга зүй боловсруулах нь” сэдэвт суурь судалгааны төслөөр шалгарч байжээ.
Суурь судалгааны төслийг боловсруулах хугацаанд үерийн 92 тохиолдол бүртгэгдэж, харамсалтай нь 79 иргэн, үүнээс 14 хүүхэд амь насаа алдсан бол 17 хүний амийг аварсан байна. Түүнчлэн 2024 оны зургаадугаар сарын 23-ны байдлаар Туул голын усны түвшин аюултай түвшнээс 82 см-ээр давж байсан бөгөөд нийслэлийн үерийн эрсдэлийг арилгахад нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог Нийслэлийн Онцгой комиссоос гаргаж байв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит тус шалгаруулалт нь 2026 онд зургаа дахь жилдээ зохион байгуулагдахаар зарлагдаад байна. Профессор Б.Саранцэцэг уг уралдаан нь салбарын судалгаа шинжилгээг дэмжих, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит хөшүүрэг болдгийг тэмдэглээд, эрдэмтэн судлаач, багш нарыг идэвхтэй оролцохыг уриаллаа.