Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн суралцагч Н.Номин “NEW NORMAL 2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын “Олон улсын харилцаа” салбар хуралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч О.Болорцэцэгийн удирдлага дор “Цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн зохицуулалт ба олон талт хамтын ажиллагаа” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэсэн байна.
Н.Номин ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцан инженер болохоор төлөвлөж байсан ч төгсөх ангидаа хүүхэд насны мөрөөдлөө даган хуульч мэргэжлийг сонгожээ. Эгчийнхээ зөвлөсний дагуу Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж буй бөгөөд судалгааны ажлын явцад гарсан сорилт, бэрхшээлийг тууштай даван туулснаа ярилцлагадаа онцолсон байна.
Суралцагч Н.Номин цаашид улсын болон их сургуулийн түвшний эрдэм шинжилгээний хурлууд, тэр дундаа Хууль зүйн сайдын нэрэмжит хуралд илтгэл хэлэлцүүлэхээр удирдагч багшийнхаа хамт бэлтгэж байна. Тэрбээр цаашид үндэсний болон олон улсын түвшинд хууль зүйн салбарт хувь нэмрээ оруулах чадвартай хуульч болох зорилго тавин ажиллаж байна.