БНХАУ-ын Засгийн газраас дэлхийн засаглалын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, манлайлах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хятад улсад суралцах шилдэг манлайлагч оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг зарлалаа. Уг бүрэн тэтгэлэгт нийт 200 оюутан элсүүлэх бөгөөд сургалт англи хэл дээр "1+1" загвараар хэрэгжинэ. Суралцагч эхний жилд БНХАУ-д танхимаар суралцан судалгаагаа эхлүүлж, хоёр дахь жилдээ эх орондоо ажил мэргэжлийн туршлага дээрээ тулгуурлан судалгаагаа гүйцэтгэн Хятад улсад очиж хамгаалах юм.
Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь Монгол Улсын иргэн, 45-аас доош настай, бакалавр болон түүнээс дээш боловсролтой, 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх шаардлагатай. Түүнчлэн төрийн байгууллагын удирдах албан хаагч, аж ахуйн нэгжийн удирдлага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын захиргааны ажилтан, олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэдийн аль нэг ангилалд багтаж байх ёстой. Мөн суралцах их сургуулийнхаа урьдчилсан элсэлтийн батламжийг авсан, урьд нь Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх шалгуур тавигдаж байна.
Хүсэлтийг 2027 оны 3 дугаар сарын 29-ний 23:59 цагаас өмнө Хятадын Засгийн газрын тэтгэлгийн цахим бүртгэлийн системээр илгээнэ. Бүртгүүлэхдээ тэтгэлгийн төрлийг "Type A", хүлээн авах байгууллагын кодыг "1563", хөтөлбөрийн нэрийг "Youth of Excellence Scheme of China" гэж сонгож бүртгүүлэх юм.