Цахим залилан үйлдэгчид төрийн байгууллагын нэр, логог ашиглан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой хуурамч зар түгээж буйг албаныхан сэрэмжлүүллээ. Зарын шалгуур шалгах товч нь регистрийн дугаар, утасны дугаар, хүүхдийн тоо зэрэг хувийн мэдээллийг асуун улмаар банкны нэвтрэх хэсгийг дуурайлгасан хуурамч хуудас руу чиглүүлж байна.
Иймд цахим хуудас танил харагдсан ч нэвтрэхээсээ өмнө интернэт хөтчийн хаягийг нягтлах шаардлагатайг сануулав. Мөн сэжигтэй хуудсанд нууц үг, банкны картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах код оруулахгүй байх, зар, чат, мессежээр ирсэн холбоосоор банкны систем рүү нэвтрэхгүй байхыг зөвлөлөө.
Хэрэв хуурамч хуудсанд мэдээллээ оруулсан бол харилцагч банк болон цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандах хэрэгтэй юм. Цахим залилантай холбоотой мэдээллийг 102 болон 51-265666 дугаарын утсаар хүлээн авч байна.