Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанаар цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Цахим гэмт хэрэг 2021 онд нийт гэмт хэргийн 19 хувийг эзэлж байсан бол 2026 онд 32 хувь болж нэмэгджээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар 11,440 гаруй цахим гэмт хэрэг бүртгэгдэж, аравдугаар сарын байдлаар иргэдэд 28 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 15 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн, 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
Цахим залилангийн арга улам нарийсч байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг, мэдлэг олгох зорилгоор zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна. Иргэд уг цахим хуудсаар дамжуулан цахим залилангийн түгээмэл аргуудтай танилцах, сэжигтэй холбоос болон цахим шууданг шалгах, залиланд өртсөн тохиолдолд авах арга хэмжээний зөвлөгөө мэдээллийг авах боломжтой юм.
Түүнчлэн цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчилж, цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголбанк болон арилжааны банкуудын ажлын уялдаа холбоог сайжруулахаар болов. Ерөнхий сайдын зүгээс байгууллагууд нэг цэгт төвлөрөн шуурхай ажилладаг олон улсын туршлагыг нэвтрүүлэх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.