Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн ээлжит хуралдаанаар Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэлээ. Энэ хүрээнд "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна. Харин үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэхээр болов.
Уг төслийн нийт санхүүжилт 490 гаруй тэрбум төгрөг бөгөөд жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 40 МВт-ын дулааны цахилгаан станцтай байхаар төлөвлөгджээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой, 400 ажлын байр бий болгох тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2026 оны IV улиралд эхлүүлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахаар зорьж байна.