Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Хууль зүйн салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд болсон уг уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа агентлагуудын төлөөлөл оролцож, зөвшөөрөл шийдвэрлэлтийн хяналт шалгалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв.
Хэлэлцүүлгээр төрийн үйлчилгээний цахимжилт болон хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулах шийдлүүдийг танилцууллаа. Улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн этгээдийн нэрийн давхардлыг хиймэл оюун ухаан ашиглан шалгах, шинээр байгуулах хуулийн этгээдийн баримт бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар илгээх зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Цаашид төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй байх зарчмыг ханган, төрөлжсөн мэдээллийн сангаас баримт бүрдүүлэх системийн хөгжүүлэлтийг хийж байгаа аж.
Түүнчлэн Хил хамгаалах байгууллага, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газрын удирдлагууд цахим үйлчилгээний шинэчлэлийн явцыг танилцуулав. Арга хэмжээний үеэр иргэд, бизнес эрхлэгчдэд зөвшөөрөл, лавлагаатай холбоотой зөвлөгөө өгч, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс газар дээр нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ үзүүллээ.