Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/01 болон Говийн бүсийн захирагчийн А/09 дүгээр тушаалын дагуу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын нэгдсэн сургалт, дадлага зохион байгуулагдлаа. Сургалтыг Говийн бүс, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адъяабаатар нээж, харилцаа холбооны хэрэгслийг чадварлаг ашиглан үнэн зөв мэдээллээр шуурхай хангахын ач холбогдлыг тэмдэглэв.
Сургалт нь шуурхай ажиллагаа, холбоо мэдээллийн бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх зорилготойгоор цахим болон хээрийн дадлага хэлбэрээр явагджээ. Мөн дуудлага хүлээн авагчдын сэтгэн бодох болон шийдвэр гаргах чадварыг сорьсон ур чадварын тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тэмцээний явцад оролцогчид 500 үгтэй эхийг алдаагүй шивэх, гадаад улсын иргэнээс ирсэн яаралтай дуудлага хүлээн авах, хэт богино долгионы гар станцаар мэдээлэл дамжуулах, 3 үгт хаяг болон координат ашиглан байршил тогтоох, илтгэх хуудасны найруулгын алдааг засах зэрэг даалгавар гүйцэтгэж шилдгүүдээ шалгаруулжээ.