Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг бус, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоонд тулгуурладаг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалт, сурталчилгаа, аяны дараа гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан ч үүнийг шууд тухайн ажлын үр дүн гэж дүгнэх боломжгүй бөгөөд нийгэм, эдийн засгийн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Иймээс ажлын тоо, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахаас гадна бодит ямар өөрчлөлт гарсныг судлах шаардлага үүсэж байна.
Энэ асуудлыг онол, эрх зүй, арга зүйн түвшинд шийдвэрлэхэд туслах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээ” бүтээлийг гаргажээ. Энэхүү бүтээл нь урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, үр нөлөөг хэрхэн тодорхойлох, үнэлгээг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах арга зүйг цогцоор нь хөндсөнөөрөө онцлог юм.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд уг чиглэлийн ажлыг бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тогтмол судалж үнэлэх хэлбэрээр зохион байгуулахаар заасан байдаг. Шинэ бүтээлд төлөвлөгөөний хэрэгжилтийг тайлагнах болон үр нөлөөг нотолгоонд тулгуурлан үнэлэх үйл явцын ялгааг тодорхойлж, үнэлгээний зорилго, хамрах хүрээ, нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилжээ.