Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн чуулганаар баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэ зохицуулалтаар иргэдэд тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж олгож байна. Даатгуулагч өөрөө хүсвэл төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1.0 хувийг хуримтлуулж болох бөгөөд уг хуримтлалыг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос таваас доошгүй жилийн өмнө үүсгэхээр заажээ. Энэхүү зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбогдуулан Архангай аймгийн Нийгмийн даатгалын газраас ажил олгогч, даатгуулагч нарт зориулсан нэгдсэн сургалтыг 2026 оны аравдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар зарлажээ. Сургалтаар нийгмийн даатгалын багц хуулийн үзэл баримтлал, тэтгэвэр тэтгэмжийн өөрчлөлт болон цахим үйлчилгээний талаар танилцуулах аж.