Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг “Эрдэм шинжилгээний байгууллага” болохыг албан ёсоор батламжиллаа. Тус батламжид их сургууль нь дээд боловсролын сургалтын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасныг дурджээ.
Батламжийг Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Баярбаатар Дотоод хэргийн их сургуулийн дэд бөгөөд Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаярт гардуулан өгсөн байна.
Төрийн эрх бүхий байгууллагаас тус их сургуулийн шинжлэх ухааны чадавх, судалгааны ажлыг ийнхүү үнэлж баталгаажуулснаар цаашид дотоод, гадаадын түвшинд судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновацын хөгжлийг эрчимжүүлэх боломж бүрдэж байна.