Дотоод хэргийн их сургууль нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай “Сонсогч солилцооны хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь хоёр улсын хууль сахиулах байгууллагын сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, сонсогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ хичээлийн жилийн хүрээнд Вьетнамын Ардын цагдаагийн академийн гурван сонсогч Дотоод хэргийн их сургуульд суралцаж байна. Сонсогчид сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн болон ерөнхий суурь мэдлэг эзэмшихийн зэрэгцээ Монгол Улсын түүх, соёл, ёс заншил, уламжлалтай танилцаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хоёр улсын хууль сахиулах байгууллагын ирээдүйн боловсон хүчний харилцан ойлголцол, нөхөрлөл, мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.