Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн санаачилгаар жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн эрх, дуу хоолой, оролцоог хангахыг дэлхий нийтэд уриалдаг. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний санаачилсан Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар сурталчлан таниулах, хүүхдийн эрх, хамгааллыг бэхжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж байна.
Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос сурагчид, төрийн албан хаагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан цахим орчин дахь хүүхэд хамгааллын цуврал сургалтуудыг зохион байгууллаа. Тухайлбал, нийслэлийн “Олонлог” сургуулийн ахлах ангийн сурагчдад цахим дээрэлхэлт, хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгосон бол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажилтнуудад эрх зүйн зохицуулалт болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэдвээр мэдээлэл хүргэсэн байна.
Түүнчлэн харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлд хүүхдийн эрхэд ээлтэй, аюулгүй мэдээллийн орчныг бүрдүүлэх чиглэлээр танилцуулга хийж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран хөгжүүлж буй e-ersdel.mn цахим эрсдэл мэдээлэх системийн ажиллагааг танилцуулжээ. Төрийн болон шүүхийн байгууллагууд ч хүүхдийн эрхийг дээдэлж, өгсөн амлалт бүрээ бодит ажил болгохыг уриалж байна.