Монголын үндэсний өв соёл, уламжлалт зан заншлыг өвлүүлэн уламжлуулах, хурдан морь болон бөхийн цол дуудах уламжлалыг түгээх, хүүхэд залуучуудын уран яруу хэл яриа, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зарлажээ. Уралдааныг тус сумын Д.Пунцагбалын нэрэмжит аймгийн Тэргүүний Соёл, спортын төв ерөнхийлөн зохион байгуулж байна.
Тэмцээнийг хурдан морины цоллооч хүүхэд, үндэсний бөхийн цоллооч хүүхэд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах бөгөөд Иххэт сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон тус сумын харьяат хүүхэд, залуучууд оролцох боломжтой. Оролцогчдын бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тус Соёл, спортын төвийн хөгжмийн багш дээр хүлээн авах аж.
Оролцогчид үндэсний хувцастай ирж, уламжлалт ёс жаягийн дагуу тод чанга, уран яруу дуудах шаардлага тавигдаж байна. Төрөл тус бүрд эхний гурван байр эзэлсэн оролцогчдод өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгохоор төлөвлөжээ.