Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвөөс Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуультай хамтран "Уншъя, хуваалцъя, хөгжье" үндэсний бичиг соёлын өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд дунд болон ахлах ангийн сурагчдын дунд "Алдаагүй зөв бичигтэн" болон "Хурдан уншлага"-ны уралдааныг явуулж, шилдгүүдийг тодруулсан байна.
Мөн тус аймгийн Хушаат сумын соёлын төвөөс "Илүү их уншъя - Эх дэлхийгээ хайрлая" уриан дор арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Зохиолчдын хорооны дарга, яруу найрагч Б.Батхүүг урьж, сурагчидтай "Зохиогч-Уншигчдын уулзалт" хийсэн байна.
Хушаат суманд болсон арга хэмжээний хүрээнд сурагчдын дунд "Эрх чөлөө" сэдвээр "Шүлэгч-2026" уралдаан зарлахад 21 сурагч зохиосон шүлгээ толилуулсан бөгөөд шалгарсан сурагчдад өргөмжлөл, зохиолчийн гарын үсэгтэй ном болон аймгийн Зохиолчдын хорооны гишүүний үнэмлэх гардуулжээ.