Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад ажиллах үеэрээ Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд зочиллоо. Энэ үеэр Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар болон их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол болов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр үг хэлэхдээ, одоогоос зуун жилийн тэртээ Лайпцигийн их сургуульд багш, шавийн барилдлага тогтоосон хоёр эрхмийн бүтээл, гавьяа зүтгэл нь хоёр орны оюун санааны хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцлов. Мөн эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжилж, монгол оюутнууд Германд суралцан, хоёр орны эрдэмтэд хамтарсан судалгаа хэрэгжүүлсээр байгааг тэмдэглэлээ.
Лайпцигийн их сургууль нь XIX зууны сүүлчээс Монголын соёлыг судалж эхэлсэн, монгол судлалын урт хугацааны уламжлалтай төв юм. Тус сургуульд ажиллаж байсан профессор Эрих Хэниш нь “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг бөгөөд их зохиолчийн тэгш ойг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулжээ.