Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоос хиймэл оюун ашиглан хүний царай, дуу хоолойг дуурайлган бүтээсэн хуурамч дүрс, бичлэгээр үйлдэгдэх залилангийн эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж, олон нийтийг сэрэмжлүүлэх аяныг эхлүүлэв. Гэмт этгээдүүд гэр бүлийн гишүүн, танил, хамтран ажиллагчийн дүр эсгэн мөнгө шилжүүлэхийг шаардах, хувийн болон банкны мэдээлэл авах, хуурамч хөрөнгө оруулалт санал болгох арга хэлбэрийг түгээмэл ашиглаж байна.
Энэ хүрээнд Интерполоос “Түр азна. Баталгаажуул. Залиланд бүү авт” гэсэн уриалга дэвшүүлж, сэжигтэй дуудлага, хүсэлтийг сайтар нягтлан шалгахыг зөвлөлөө. Тухайлбал, тухайн хүнтэй урьдчилан мэддэг баталгаатай сувгаар дахин холбогдох, ойр дотнынхонтойгоо тусгай нууц үг тохирох, цахим хаягтаа хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэхийг зөвлөж байна.
Хиймэл оюунаар бүтээсэн хуурамч дүрс, дуу хоолой нь бодит мэт харагдаж, сонсогдох эрсдэлтэй тул аливаа хүсэлтэд шууд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сануулав. Иймд мөнгө шилжүүлэх болон хувийн, банкны мэдээллээ хуваалцахаас өмнө нөхцөл байдлыг заавал баталгаажуулах шаардлагатайг анхааруулж байна.