Монгол Улс Ази дахь дата төвийн шинэ зангилаа болох “Sovereign by Design” зорилтоо танилцуулж, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө хиймэл оюун ухаан, өндөр хүчин чадлын тооцоолол болон дижитал дэд бүтэцтэй уялдуулахаар зорьж байна. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний боломжит нөөцийг 2.6 тераватт гэж тооцдог бөгөөд дата төвд зориулсан эрчим хүчний өртгийг 3-5 цент/кВт.цагт хүргэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн сэрүүн уур амьсгал нь дата төвийн хөргөлтийн зардлыг 40 хүртэл хувиар бууруулах давуу талтай.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапур болон олон улсын байгууллагуудтай 10 санамж бичиг байгуулж, нийт 863 МВт орчим хүчин чадалтай төслийн багц бүрдүүлээд байна. Улмаар эхний шатанд 2 тэрбум ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт татах зорилт тавьжээ.
Цаашид эрх зүйн орчныг бүрдүүлэх, тусгай эрчим хүчний эх үүсвэрийг 24 сарын дотор бий болгох, байгуулсан санамж бичгүүдийг бодит санхүүжилт болон бүтээн байгуулалтын гэрээнд шилжүүлэх асуудлууд чухлаар тавигдаж байна.