Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд CNPC-ээс есдүгээр сард манай улсад 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохирсон бөгөөд ес болон аравдугаар сард нэмэлтээр шатахуун нийлүүлэх хүсэлтийг хятадын тал шуурхай судлахаа мэдэгдэв.
Талууд шатахууныг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой нийлүүлэх баталгаат тогтолцоонд шилжүүлэх гэрээ хэлцлийг ойрын үед хийхээр тогтлоо. Мөн Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, дэвшилтэт технологи нэвтрүүлснээр жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тоннд хүргэх үнэлгээг хамтран хийх, шинэ 1–2 талбайд геологи-эдийн засгийн урьдчилсан үнэлгээ эхлүүлэхээр болсон байна.
Түүнчлэн 2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангах зорилгоор хамтарсан техникийн баг байгуулахаар шийдвэрлэлээ. Хоёр тал нүүрсний давхаргын метан хий, шингэн түлш үйлдвэрлэх зэрэг нүүрс-химийн технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашид Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан замын зураглалыг батлахаар тохиролцжээ.