Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийг “Эрүүл, ногоон, ухаалаг, аюулгүй” жишиг сургууль болгов. Сургууль 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 46.8 кВт-ын батарей хуримтлуурын системтэй болсноор эрчим хүч үйлдвэрлэж, хэмнэсэн зардлаа орчны аюулгүй байдал болон эко орчинд зарцуулж байна. Мөн 1,253 м² талбайг зүлэгжүүлж, 40 кг хүнсний хог хаягдлаас 20 кг бордоо гаргах компостын шийдэл нэвтрүүлжээ.
Сургалтын чанарыг дэмжих зорилгоор 402 "Chromebook" төхөөрөмж нэвтрүүлж, хичээлийг 3D хэлбэрээр үзэх боломж бүрдүүлсэн байна. Эрүүл орчныг хангахаар таван ангид ургамал тариалах гидропоник систем, агаар болон ус цэвэршүүлэгч, IQAir хэмжүүрүүдийг суурилуулжээ. Мөн аяга сав ариутгах шийдэл, аюулгүй будаг засварын ажлуудыг хийсэн байна.
Аюулгүй байдлын хүрээнд ухаалаг хаалга, гадна болон дотор талын камеруудыг суурилуулж, гадаах камерыг дүүргийн теле камерын дэд төвтэй холбожээ. Сургуулийн бүсэд дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж, архи, тамхины худалдааг хязгаарлан, хүүхдийг зам тээврийн осол болон гэмт хэргээс хамгаалах орчныг бүрдүүлээд байна.