Чингис хаан Үндэсний музей Ромын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг нээлээ. Энэхүү үзэсгэлэнд Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт зураач Рафаэл Сантигийн “Хөрөг” болон XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын томоохон төлөөлөгч Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал” зэрэг ховор бүтээлийг онцлон толилуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл болон Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета, албаны хүмүүс, урлаг судлаачид оролцов. Дэлхийн урлагийн хоёр өөр цаг үе, ялгаатай илэрхийлэл бүхий бүтээлүүдийг нэгэн орон зайд дэлгэсэн нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны чухал үйл явдал болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Тус үзэсгэлэн 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өдөр бүр “Дэлхийн сонгодог - Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг зохион байгуулах юм.