Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол бахархал – Бүтээлч сар” аяны эхний долоо хоногийг “Бичиг, соёл” уриан дор 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 08-ны өдрүүдэд өрнүүлж байна. Энэ хугацаанд үндэсний бичгээрээ уншиж бичих, эх хэл, түүх, соёлоо судлан танин мэдэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх болон хойч үедээ өвлүүлэн уламжлахын ач холбогдлыг олон нийтэд таниулахыг зорьж байна.
Аяны хүрээнд Богд Хааны Ордон Музейгээс хүүхэд, залууст зориулсан “Өөрөө тодорсон гэгээ” боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрт “Шинэ Монгол” ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн таван бүлгийн 120 гаруй сурагч хамрагдан музей үзэж, Соёмбо үсгийн онцлог, өв соёлын үнэт зүйлстэй танилцжээ.