Цахим орчинд арилжааны өөр өөр банкуудын нэр, лого бүхий ижил загвар, төстэй агуулгатай хуурамч зарууд түгээмэл тархаж байгааг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв болон цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. Эдгээр заруудад гар утас, бэлгийн хайрцагны зураг байршуулан, ердөө 1–2 минут зарцуулаад урамшуулал авах боломжтой мэтээр иргэдийг төөрөгдүүлдэг байна.
Иймд зарын зурагт банкны нэр, лого харагдсан ч тухайн банкны албан ёсны эх сурвалжаас заавал нягтлах шаардлагатайг сануулав. Түүнчлэн хандив, шагнал олгох нэрийдлээр урьдчилгаа төлбөр нэхсэн цахим залиланд автахгүй байхыг зөвлөлөө.
Хэрэв хуурамч зарын дагуу мөнгө шилжүүлж хохирсон бол Цагдаагийн байгууллагын 102 болон 51-265666 дугаарт яаралтай хандах шаардлагатай бөгөөд zalilan.113.mn цахим сангаас сэрэмжлүүлэг мэдээлэл авах боломжтой юм.