Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах зургаа дахь удаагийн уралдааны бүтээлийг хүлээн авч эхэллээ. Энэ жилийн шалгаруулалт “Бизнесийн орчин ба хувийн эрх зүйн шинэтгэл” сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд эрдэмтэн, судлаач, оюутнуудыг өргөнөөр оролцохыг зохион байгуулагчид урьж байна.
Тус уралдааны 2023 оны “Шилдэг бүтээл”-ийн төрөлд “Гэмт хэргийн бүтэц: Ерөнхий анги” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн доктор Т.Золбоо тэмцээний ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурлах нь чухал бөгөөд салбарын яам бүтээлүүдийг үнэлж шалгаруулах нь эрдэмтдэд томоохон урам зориг, санхүүгийн дэмжлэг болдгийг тэмдэглэсэн байна.
Мөн тэрээр судлаачдыг өөрийн бүтээлийн чанар чансааг хараат бус мэргэжлийн комиссоор үнэлүүлэх, улмаар бүтээлээ шинжлэх ухааны эргэлтэд оруулахын тулд уг уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.