Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Төлөөлөгчид татварын хувь хэмжээг бууруулах нь худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг багасгах болон эцсийн хэрэглэгч болох иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтойг онцлов.
Төслийн хүрээнд баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар зэрэг үйлчилгээний татварын хувь хэмжээг 50 хувиар бууруулах зохицуулалт багтсан байна. Харин бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэлд ногдуулж буй хоёр хувийн албан татварыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Хэлэлцүүлгийн үеэр төсөлд редакцын засвар оруулж, автомашин угаалгын үйлчилгээнд саарал ус ашигладаг бол албан татварыг нэг хувь, харин цэвэр ус ашигладаг бол хоёр хувиар ялгамжтай ногдуулахаар тусгасан байна. Уг шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо.