Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас “Хууль сахиулах салбарын удирдлага: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар зарлалаа. Тус хуралд гадаад, дотоодын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагууд болон ОБЕГ, ТТХГ, ГЕГ, АТГ, ТЕГ, ХЭҮК-ийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцох боломжтой бөгөөд монгол, англи хэлээр танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдана.
Судлаачид хүний эрх, хууль сахиулахуйн удирдлага, инновац, аюулгүй байдал, стратеги болон эрсдэлийн удирдлага, шийдвэр гаргалт зэрэг чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүллээ бичиж оролцох боломжтой. Ирүүлсэн бүтээлүүдийг хоёр үе шаттай сонгон шалгаруулах бөгөөд шаардлага хангасан өгүүллүүдийг “Хууль сахиулахуйн удирдлага” сэтгүүлийн 4 дүгээр улирлын дугаарт хэвлэн нийтлэхээр төлөвлөжээ.
Хуралд хэлэлцүүлэх өгүүллийг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл цахим системээр хүлээн авах ба шалгарсан бүтээлүүдийг их сургуулийн Төв номын сангийн хурлын танхимд хэлэлцүүлнэ.