Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад практик дадлага хийх орчин харилцан адилгүй байгааг сайжруулах зорилгоор 6–12 дугаар ангийн сурагчдад зориулсан 240 орчим туршилт, судалгааны контентын сан болон гарын авлагыг боловсруулж байна. Уг төслийг Боловсролын яам дижитал үйлдвэрлэл, инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг GERLAB Engineering Workshop-той хамтран хэрэгжүүлж буй бөгөөд эхний шатанд 35 төрөлжсөн ахлах сургуулийг тус сангаар хангахаар зорьжээ.
Энэхүү ажлын үр дүнд сурагчид онолын мэдлэгээ туршилтаар баталгаажуулах, таамаглал дэвшүүлж үр дүнгээ боловсруулах, бие даан болон багаар ажиллах чадварт суралцах боломж бүрдэнэ. Мөн инженерчлэл, технологи, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжлийн баримжаагаа тодорхойлж, өөрийн санааг бодит бүтээгдэхүүн, шийдэл болгон хөгжүүлэх анхан шатны дадлага эзэмших юм.